Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн зарим газарт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-ны өдөр Алтайн салбар уулсаар, 24-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр нутгийн зарим газраар, 26-ны өдөр говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2. Гал түймэр:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 35 дугаар гудамжинд иргэн У-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4.7 км замыг туулан 18:39 цагт очиж, 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн урд талын авто замын зорчих хэсэгт Иргэн Х-ын эзэмшлийн “Фольксваген Тоуреж” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:28 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн “Омбожавын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/Тус сумын харьяат малчин Л-ийн 6 ханатай гэр 09.21-ний өдрийн 11:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 11:50 цагт тухайн очиж, нөхцөл байдалтай танилцсан.

4.Үйлдвэрлэлийн осол:

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/ Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын 2 дугаар гудамжны иргэн М /30 настай, эрэгтэй/  20 метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгсөн. Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж ажиллаж байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 09.21-ний өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Баянгол” гэдэг газраас “Хийдийн даваа” гэдэг газар хүртэл 18 км явганаар, 2 дугаар бүлэг “Харлагийн зүүн салаа” гэдэг газраас “Хийдийн даваа” гэдэг газар хүртэл 20 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.22-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/“Хараа” голын эрэг дээр 6 иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О /70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болсон тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.21-ний өдрийн 11:14 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:39 цагт сураггүй болсон газраас баруун хойд зүгт 3.3 км-т “Ногоон модны гүүр” гэдэг газраас “Хараа” голын уснаас цогцсыг олж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top