ЭРХ ЗҮЙН ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА.
Онцгой байдлын алба өнөөдөр 160 нэгж, 4000 орчим албан хаагч, 500-аад техник хэрэгсэлтэй улсынхаа аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө алба залгуулж байна. Өдөр бүр, цаг тутамд хүний амь авардаг ариун үйлсээрээ сэтгэлийн дуудлагаа болгосон, залуу, дунд, ахмад үеийн аврагчид энэ айлын бахархал юм. Монгол Улсын онцгой байдлын алба орчин цагийн тогтолцоонд орж, дэлхий нийтийн хандлагатай хөл нийлүүлснээсээ хойш ердөө 11 жил болсон боловч институцийн хувьд аль хэдийнэ хөлөө олсон.
Өөрөөр хэлбэл бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, гадаад харилцаа, нэр хүнд, дадлага туршлага, боловсон хүчний нөөц, уламжлал, үйл ажиллагааны цар хүрээ, төрийн тусгай албан дахь байр суурийн хувьд өдрөөс өдөрт бэхжиж байгаа төдийгүй бүс нутгийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх бүтцийн байгууллагын удирдах түвшинд ажиллах хэмжээнд хүрсэн.
Үндэсний хэмжээний чадавхиар Ази, Номхон далайн бүсдээ дээгүүр орж, шинээ тогтолцоонд орж буй улсууд Монголд ирж туршлага судалж байгааг сонордуулахад таатай байна. Түүнчлэн олон улсын эрэн хайх, аврах багийн эгнээнд элсэхээр НҮБ-аас даалгавар аван, элитийн батальоноо бэлтгэж байна. Хугацаатай даалгавар 2016 онд дуусах бөгөөд энэ үед сайн дүн авч чадвал Монголын аврагчид олон улсын хэмжээнд ажиллах эрх, статустай болох юм. Монгол Улсын Онцгой байдлын албаны хөгжлийн ерөнхий чиг хандлага энэ хэмжээнд хүрчээ.
Гэхдээ дэлхий нийтийн хөгжлөө дагаад байнга дэвшиж, дэвжиж байх шаардлагатай. Энэ ч үүднээс онцгой байдлын алба энэ онд эрх зүйн иж бүрэн шинэчлэл хийж байна. Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн хэсэгт орлоо. Ингэснээр олон жил маргаантай байсан тус албаны статус тодорхой болов. Гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалаа батлуулж, энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онцгой байдлын албаны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөрийг анх удаа, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулаас хамгаалах тухай хуулийг тус тус шинэчлэн батлууллаа. Мөн бүтцийн хувьд уул уурхайн аврах ангийг харьяандаа авч, Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төвтэй болох, илүү эрсдэл бүхий зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах анги байгуулах зэрэг эрх зүй, бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийж байна. Энэ бүхэн бүхэлдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, шат ахиулах мэргэжлийн үйл ажиллагааны суурь бичиг баримтууд төдийгүй тус салбарт ажиллагсдын статус, нийгмийн баталгааг бататгаж байгаа юм.
Дэлхийн хэмжээнд 40 гаруй гамшиг, аюулт үзэгдэл байдгийн 14 орчим нь Монголд тохиолддог байна. Үүнээс гал, ус, зуд, малын гаралтай халдварт өвчин зонхилдог нь ойлгомжтой. Дэлхийн дулаарал, сав шимийн ертөнц өөрчлөгдөхийн хэрээр гамшиг осол, байгалийн үзэгдэл төсөөлөх аргагүйгээр дүр төрх, дүрс хэмжээтэй болон хувирч, хор хөнөөл дагуулж байна. 2005-2015 оны судалгаагаар улсын хэмжээнд гарсан гамшиг ослын улмаас жилд дунджаар 90-100 тэрбум орчим төгрөгийн хохирол учирч, 210-220 хүний амь нас хохирч байна. Гарсан гамшиг ослын 93 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байгааг анхаарахгүй байхын аргагүй юм. Онцгой байдлын алба шинэ тогтолцоонд орсноос хойш 11 жилийн хугацаанд анх удаа 2015 оны төсөв, хөрөнгө оруулалтаар хамгийн их буюу 30 орчим тэрбум төгрөг шийдүүлсэн юм. Энэ хэмжээгээр дөрвөөс таван жил энэ салбарыг бэхжүүлбэл олон улсын стандартад хүрнэ гэсэн прогноз байна.
БЭЛЭН БИШ ГЭДГИЙГ ШУЛУУХАН ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ
Монгол тэр тусмаа хүн амын 50 шахам хувь суурьшсан, улс төр, нийгэм, эдийн засаг, банк санхүү, үйлдвэрлэлийн төв нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Нийслэлийн эргэн тойронд зургаан хагалбар газар байна. Ийм тохиолдолд газар хөдлөлтийн гамшиг төр, засгийн анхааралд байхаас аргагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, УИХ-д мэдээлэл хийсэн нь шийдвэр гаргагчид төдийгүй ард иргэдийн хувьд ч санаж сэрэх дохио болсон. Би дээр онцгой байдлын албаны хөгжлийн чиг хандлага зөв явааг өгүүлсэн. Харин улсын хөгжил, Улаанбаатарын зохион байгуулалт, ард иргэдийн ухамсар, соёл, мэдлэг том хэмжээний гамшиг осол, газар хөдлөлттэй нүүр тулахад бэлэн биш гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн онцгой байдлын албаны 4000 албан хаагчийн ажил биш, бүх нийгмийн, хүн бүрийн өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо харж хамгаалах, бэлэн байх, урьдчилан сэргийлэх идэвх зүтгэлийн үйлс хэрэг билээ. Газар хөдлөлтийн аюулыг амжиж мэдэээлэх нэгдсэн системтэй болсон нь онцгой байдлын албаны технологийн томоохон дэвшил юм. Улаанбаатар, орон нутгийг холбосон мэдрэгч болон сансрын холбоо, дохио дамжуулах станц, үүрэн телефон холбоо, мэдээллийн хэрэгслийн гэсэн цогц нэгдсэн систем ажиллаж байна. Цаашид бүх аймгийн төвд шуурхай удирдлагын төв байгуулах, тэдгээрийг газар хөдлөлтийн аюулаас амжиж анхааруулах нэгдсэн системтэй холбох шаардлага бий.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын тооцоог гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Я.Санжмятав, О.Содбилэг нар орсон. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т ажилласан юм. Байнгын хорооны даргатай хамт Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш болон харъяа агентлагуудын удирдлага, нийслэлээс төлөөлөл оролцсон. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын албаны өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.
ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГ ТАТАН БУУЛГАХ АСУУДЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАН ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН
Албаны чадавхийг дээшлүүлэх тал дээр жил бүр ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа ч дэлхийн стандартад хүрэх, том хэмжээний газар хөдлөлт, гамшиг осол болох нөхцөлд бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Зөвхөн энэ оны төсөвт төлөвлөсөн 31,6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Энэ бол гамшиг осол, байгалийн аюулт үзэгдэл их гардаг зургаан аймгийн зургаан суманд аврах анги байгуулах, батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, барьсан барилгаа тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт гарцаа байхгүй шаардагдаж буй хөрөнгө мөнгөний л дүн юм. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр онцгой байдлын алба хэдийгээр боломж, бололцоогоороо хөгжиж байгаа ч бүх талаар бэхжүүлэх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын түвшинд авч үзэн, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газарт чиглэл өгөхөөр ажиллаж байна хэмээн онцлон хэлсэн. Мөн тэрбээр онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахыг чухалчилж байлаа. Ингээд бодлогын бичиг баримт, хуулийн төслөө хүчний болон бусад байгууллагын уялдааг хангасан, төрөл чиглэлээр нь ангилж салгасан, тооцоо судалгаатай сайн боловсруулах зөвлөмж өгч, хамтран дэмжин ажиллахаа илэрхийлж байсан. Тэрбээр манай албанд ажилласан өдрөө буюу өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт УИХ-ын Байнгын хорооноос завсарлага авч тулгараад байсан Гамшиг судлалын хүрээлэнг татан буулгах асуудлыг хүчингүйд тооцуулан хэвээр үлдээлгэх шийдвэрт нөлөөлснийг дурдах хэрэгтэй.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ