“Олон талт түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг болж байна

119953185_664109644213299_249944357453459303_o.jpg

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө есөн сарын хугацаа өнгөрөөд байна. Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул манай хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгараад байна. Өнөөдөр дэлхийн 216 улсад халдвар тархаж, 32.0 сая хүн халдвар авч, 25.0 сая орчим хүн эдгэрч, 1.0 сая эрдэнэт хүн амь насаа алдсан мэдээтэй байна.

Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эмчлэгдэн гарсан иргэдээс “КОВИД-19” халдвар дахин илрэхгүй, халдварын тохиолдол гарахгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа нь уг өвчин хүн амын дунд тархах эрсдэл өндөр гэдгийг илтгэж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ Хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт тохируулан бий болгох шаардлагатай болоод байна. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, Засгийн газар, Улсын Онцгой комиссын гишүүд оролцож байгаа бөгөөд оролцогч талууд цар тахалтай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нээлттэй хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top