Р.Эрдэнэхүү: Цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөөсөө ухраагүй

116252695_749982772501200_8526156718342761213_n-3.jpg

Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Р.Эрдэнэхүүг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа гал сөнөөгчөөр эхлүүлж, салааны захирагч, гал түймрийн улсын хяналтын байцаагаар ажиллаж байгаад 2016 оноос Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Өглөө бүхэн шинэ. Энэ утгаараа миний хувьд ажил руугаа очих замдаа өнөөдөр юу хийж амжуулах ёстойгоо бодож төлөвлөн алхдаг. Ингэж л тэр өдрийнхөө ажлыг эхлүүлдэг дээ.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

 Аавынхаа хийж чадаагүй зүйлийг хүү нь гүйцэлдүүлдэг. Азарганыхаа хүрч чадаагүй газарт унага нь хүрдэг гэдэгчлэн аавынхаа хүслийг биелүүлж цэргийн хүн болсондоо баярлаж явдаг. Тийм учраас алдаа дутагдал гаргалгүй өгсөн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлж ажиллахыг хичээдэг дээ.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу. Эсвэл?

Тэгэлгүй яахав. Онцгой байдлын алба хэмээх нэр хүндтэй сайхан албанд өдий зэрэгтэй яваа минь өөрийн хүсэл бодлоо дагаж амьдарч байгаагийн илрэл юм.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Зорилгогүй, мөрөөдөлгүй хүн гэж үгүй. Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд мөрөөддөггүй хүн гэж байхгүй байх. Багаасаа л цэргийн хүн болно гэж бодож хүсч мөрөөддөг байсан мөрөөдлөөсөө  ухраагүй. Энэ сайхан албандаа хүчин зүтгэж л байна.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол…?

Энэ үгтэй санаа нэгддэг. Гэхдээ амжилтанд хүрэхэд хамт олон, найз нөхдийн заавар зөвлөмж маш чухал санагддаг шүү.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

 Аль аль нь  хурцалдаг. Нүүрэн дээр бус далд магтаалыг хэн нэгнээс сонсох сайхан. Шүүмжлэл бол өөртөө дүгнэлт хийх боломжийг олгодог.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Жижиг гэлтгүй зүйлээс аз жаргалыг өөрөө мэдэрч байх нь чухал. Хийж байгаа ажлаасаа, идэж байгаа хоолоосоо, хамт олноосоо, гэр бүлээсээ гээд бүгд хажууд л байна шүү дээ.

-Таны бахархал?

Энэ хорвоо дээр төрүүлж өсгөсөн аав ээж, өдий зэрэгтэй явахад минь түшиг тулгуур болсон хань, хамт олноороо бахархдаг. Бүх л төрлийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Онцгой албаараа бахархаж байна.

 Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top