Гал унтраах тусгай зориулалтын 40 автомашинаар хүч хэрэгслээ нэмэгдүүллээ

014CFDF8-6974-4EA0-82AB-88B1887CDAB0.jpeg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал  түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Пожснаб компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцсон юм.

Шадар сайд Я.Содбаатар хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газар 2003 оноос эхлэн Япон, Солонгос, Австри, Польш, Хятад, Франц, Беларусь Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилсэн. “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэлээ.

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм.

Гал түймэр унтраах, аврах автомашиныг техник, багаж хэрэгслийн хамт хүлээн авч, нийслэл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top