Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Завхан аймгуудын нутгаар хур тунадас орсон.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1-6 градус, говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал:   9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д Иргэн Д-ийн “Өгөөмөр” караоке баарны шатны хонгилд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:02 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /49 настай, эмэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 3 дугаар гудамжинд иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:59 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 58 дугаар байр иргэн Б-ийн тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:15 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны 23 дугаар гудамжинд иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 17:32 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3 дугаар гудамжинд иргэн Н-ийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:57 цагт очиж 49 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн зүгт 150 км-т, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/Тус аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц /65 настай, эрэгтэй/, С /47 настай, эрэгтэй/ нар 09.26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.06-ны өдөр иргэн Ц-г эсэн мэнд олсон. Иргэн С-ийг 10.07-ны өдрийн 07:30 цагаас эхлэн самарчидийн 7 отогоор орж, 18 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:33 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. Тухайн газар нь 10.06-ны өдөр цас орсон болно.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Т/51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.23-ны өдрийн 10:00 цагийн орчим эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.07-ны өдөр Ар хонхор гэдэг газраас зүүн зүгт Дааган толгой, Фермийн төв гэдэг газар хүртэл  11 км-т Улз голын усанд завиар, мөн газраас баруун хойд зүгт Боролдой, Хар толгой гэдэг газар хүртэл 20 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 17:50 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Бөхөн-Уул” гэдэг газар /сумын төвд/  “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч 2 хүн нас барсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км зам туулан 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн А /51 настай, эрэгтэй/ 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Өлгий сумын харьяат иргэн К /65 настай, эрэгтэй/, Баяннуур сумын харьяат С/65 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн. 

4.Мэдээлэл:

Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан багийн “Дуут” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн С-ийн хашаанд хураалттай байсан 24 тн өвс 10.07-ны өдрийн 05:30 цагт шатсан.   Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн 8 дугаар гудамжинд Тус сумын харьяат иргэн С-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин 10.07-ны өдрийн 17:00 цагт шатсан. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top