Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт бороо, Орхон аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 10, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 11, 12-нд говь, тал хээрийн бүс нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 08:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:40 цагт очиж иргэн А-ийн 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян ууланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 14:04 цагт очиж иргэн Б-ийн 7×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарийн нууранд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:48 цагт очиж иргэн З-ын “Ниссан Хтрайл” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжинд нийтийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 22:05 цагт Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:10 цагт очиж иргэн Г-ын 16×10 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 3×4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранги багийн “Хустын энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 83 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км/ Малчин Б-ийн 5 ханатай гэр 10.08-ны өдрийн 02:00 цагийн орчимд хүчтэй салхины улмаас нурсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 10.08-ны өдрийн 13:20 цагт мэдээлсэн. Тус сумын Шуранги багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиж ажилласан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн зүгт 150 км-т, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ Тус аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц /65 настай, эрэгтэй/, С/47 настай, эрэгтэй/ нар 09.26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.06-ны өдөр иргэн Ц-г, 10.08-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн С-ийг тус тус эсэн мэнд олсон.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Тус сумын харьяат иргэн Т/51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.23-ны өдрийн 10:00 цагийн орчим эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. 10.08-ны өдрийн 12:00 цагт Заяат багийн “Хужирт хааны адаг” гэдэг газраас /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/ иргэн Т /51 настай, эрэгтэй/-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн амны “Шургуут” гэдэг газар Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Т /23 настай, эмэгтэй/ 10.08-ны өдрийн 13 цагаас хойш самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид, Улиастайн амны байгаль хамгаалагчийн хамт 01:15 цагаас эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн газар нь 11:10 цагаас 00:40 цагийн үед цасан шуурга шуурсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top