Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун хойноос 8-13 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ.

Төлөв байдал: 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-ны өдөр нутгийн баруун хагаст, 14-ний өдөр нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 11, 12-ны өдөр говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Гал түймэр:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 10:13 цагт /10:15 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 10:15 цагт очиж, иргэн П-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хороолол 4/3 байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:42 цагт очиж, тус тоотод иргэн Э-ийн эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 19 дүгээр гудамжинд иргэн Н-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:05 цагт очиж, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.    

3.Мэдээлэл:

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн “Нуруугийн-Энгэр” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 17 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан орон нутгийн иргэд 19:25 цагт унтраасан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт мэдэгдсэн. /Түймэрт 0.5 га талбай шатсан/

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат иргэн Ө /33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрөөс 09.24-ний өдөр, 09.10-ны өдрөөс 09.12-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй зогсоосон. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 10.09-ний өдрийн 20:05 цагт тухайн газарт очиж хоноглосон. 10.10-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 1 км-т/“Ховд” голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 14:35 цагт очиж, тус сумын харьяат иргэн Т /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Ховд” голын уснаас гаргаж, тус сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top