Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-ний өдөр зарим газраар, 15-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 104 дүгээр байр 8 давхрын тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 10:31 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:39 цагт очиж, тус байрны иргэн М-ын байрны тагт дээр эд, хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:37 цагт очиж, иргэн Г-ын эзэмшлийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Шар булаг гэдэг газар Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 41.5 км замыг туулан 17:56 цагт очиж, иргэн Т-ын эзэмшлийн 10×13 метрийн хэмжээтэй байшин, гараашийн хамт шатаж байсныг 2 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 20:01 цагт очиж, 8х11 метрийн хэмжээтэй байшингийн хананы хэсэг шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Тоонот” гэдэг газар /Аймгийн төвөөс баруун зүгт 48 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Малчин Б-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.13-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 48 км цагийг туулан 04:00 цагт очиж, 5х12 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/Тус сумын харьяат малчин Ш-ийн 10х10 метрийн хэмжээтэй малын өвөлжөө болон хашаа 10.12-ны өдрийн 01:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 09:31 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын харьяат малчин Н аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Сайн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 38 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/Тус сумын харьяат малчин Л-ын эзэмшлийн “Пробокс” загварын суудлын автомашин 10.12-ны өдрийн 11:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мөн өдрийн 12:09 цагт өгсөн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 10.12-ны өдөр очиж танилцсан.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргал мандах багийн “Нарийн шүрэн” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 204 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж байна. 10.13-ны өдрийн 00:30 цагийн байдлаар түймэр хяналтанд байгаа бөгөөд уугилттай хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. /Урьдчилсан байдлаар 500 м2 талбай шатсан/

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 198 км-т/ 6 иргэн самар түүж явснаас Дархан-Уул аймгийн иргэн О /52 настай, эрэгтэй/ 10.09-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.12-ны өдрийн 07:30 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад  иргэн О нь мөн өдрийн 15:00 цагт Хилийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Хүдэр сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат 3 иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж /согтуу явсан/ байгаад иргэн З /47 настай, эрэгтэй/, иргэн С /44 настай, эрэгтэй/ нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн /3 хүний 1 хүн нь эсэн мэнд автомашинаасаа өөрөө гарсан/ тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 10.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top