Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11, 12 дугаар багийн Шинэ хорооллын 8, 9, 18, 20, 21, 23 дугаар байрнуудын хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:07 цагт очиж 29 минут ажиллан унтрааж аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамжинд “Панда” авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:12 цагт очиж иргэн Б-ийн 21х18 метрийн хэмжээтэй “Панда” авто засварын газар, 3 автомашин, 22х20 метрийн хэмжээтэй “Бид” автомашин зээлийн төвийн 2 давхар, 1 чиргүүл, 2 автомашин, 1 автомашины чиргүүл тус тус шатаж байсныг 02:50 цаг ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан. Ус суваг удирдах газарт хүсэлт гарган 2 автомашин /5 тн/-ыг гаргуулан ажиллуулсан.

–    Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Зүүн сайхан 1 дүгээр гудамжинд иргэн Х-ын 5 ханатай гэр 10.17-ны өдрийн 10:20 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 30 минут ажиллаж 10:50 цагт унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Давсны булагийн 65 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:38 цагт очиж иргэн О-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1234 тоотод өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:41 цагт очиж иргэн В-ийн хашаанд 0.3 га орчим өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн В /79 настай, эрэгтэй/-ийн баруун хөл түлэгдсэнийг эмнэлгийн анхны тусламж үзүүлж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Наран гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:41 цагт очиж иргэн Ц-ын өвөлжөөнд хураалттай байсан 2 тонн өвс шатаж байсныг 2:28 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын амны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:50 цагт очиж иргэн М-ийн 10х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны 20 дугаар гудаминд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:22 цагт очиж иргэн Б-ын 7х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3в хэсгийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 14:21 цагт очиж иргэн З-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Улаан толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км/ Малчин Ц-ийн бууц шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:17 цагт очиж 24 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:15 цагт очиж иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн “Боржигон”-ын 10 дугаар гудамжинд засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:24 цагт очиж иргэн Ц-ын автомашин засварын газар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Дуут толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/10.17-ны өдрийн 15:30 цагт Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж осолдсон тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 21:30 цагт очиж “Приус-20” загварын автомашиныг “Орхон” голоос татан гарган, тус автомашин дотроос иргэн М /48 настай, эрэгтэй/ Б /51 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км/ “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт 10.17-ны өдрийн 18:30 цагийн орчим жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:23 цагт очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин ажилтай Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Бохирын” голд автомашин суусан иргэд гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хагчид 23 км замыг туулан 21:49 цагт очиж Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багын нутаг “Аягын гарам” гэдэг газарт иргэн А-ийн “Хонда Инсайт” загварын суудлын автомашин 3 зорчигчийн хамт голын усанд суусан гарч чадахгүй байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

.

scroll to top