Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр багийн “Задгай”-д иргэн Х-ийн жолоодож явсан “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн “Паз-3205” загварын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 13:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 11 дүгээр гудамжинд иргэн У-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:12 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайхан багийн 37 дугаар гудамжинд иргэн Б-ийн “Уаз-469” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:13 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Салхит” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 31 км-т/ Иргэн Н-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 31 км зам туулан 17:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Улаанхуаран”-гийн 1 дүгээр гудамжинд иргэн Э-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 00:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 00:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Буут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 15:58 цагт унтраасан. Уг түймэрт иргэн Б-ийн “Дуна” загварын ачааны автмашин, 680 га бэлчээрийн талбай тус тус өртөж шатсан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Зүүн шавар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 285 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 15:30 цагт унтраасан. Уг түймэрт 1600 га талбай шатсан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top