Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий,Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурсан. Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.  Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч, цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, талын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар зарим үед 15-17 м/с хүрч, шороон шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 08:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 08:52 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 7 гудамжинд иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 10:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:37 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.           

 Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн 52-ын даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 111 км-т/  иргэн П-ийн 5х18 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 57 км зам туулан 17:13 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.   .

 Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Данзанваанчиг”-ийн 12 дугаар гудамжинд иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний 19:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 19:46 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн 9 дүгээр гудамжинд иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 20:31 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 2 км зам туулан 20:34 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны 23 дугаар гудамжинд иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 21:50 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Цэций-Уул”-ын 9 дүгээр гудамжинд иргэн А, А нарын 5 ханатай 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 21:49 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:52 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн “Угтам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 14:40 цагт унтраасан. Уг түймэрт 600 га талбай шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Голын-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/Тус сумын нутгаар 10.19-ний өдрийн 18:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 20 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас малчин Б /40 настай, эмэгтэй/ явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 00:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:20 цагт гэрээс урд зүгт 40 км тус багийн “Сүүлийн-Улаан” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн “Пагваан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс урд зүгт 100 км-т/Тус сумын нутгаар 10.19-ний өдрийн 18:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 20 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас малчин Б /50 настай, эрэгтэй/, Б /45 настай, эмэгтэй/ нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 00:12 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05:10 цагт гэрээс нь урд зүгт 3 км-т тус багийн “Пагваан” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Хуримтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/Тус сумын нутгаар 10.19-ний өдрийн 20:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 10-12 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас Шилүүстэй сумын харьяат малчин С /64 настай, эрэгтэй/ мориор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 09.26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд 10.18-ны өдөр ар гэрээс нь дахин эрэн хайх хүсэлтийг гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10.19-ний өдрийн 12:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг анх алга болсон газраас зүүн зүгт 5 км тойрогт явганаар, 2 дугаар бүлэг мөн газраас баруун зүгт 4 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 10.20-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /36 настай, эрэгтэй/ мориор мал тууж “Жирээгийн” гол гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 16:40 цагт Тэс сумын чиглэлд явж 23:55 цагт очиж хоносон. 10.20-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

.

scroll to top