1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-ний өдөр Алтайн салбар уулсаар, 25-ны өдөр нутгийн зарим газраар, 26-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:52 цагт очиж, иргэн Ж-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:15 цагт очиж, иргэн Б-ийн 9х16 метрийн хэмжээтэй байшин, иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:52 цагт очиж, иргэн М-ын 6х21 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 23:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 23:27 цагт очиж, иргэн П-ын 4х7 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Залуус хотхон”-ны 8 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 04:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 04:49 цагт очиж, иргэн Э-ийн 10х45 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Байшинтын дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “Нэмэн” ХХК-ийн 31 тонн шатахууныг тээвэрлэж явсан иргэн Ц-ийн эзэмшлийн “Норд бенз-НД1310” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 09:20 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан. Мөн тухайн шатахуун тээвэрлэж явсан автомашинд Мөрөн сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Марк-Экс-зио” загварын суудлын автомашин мөргүүлсэнээр автозамын хажуу руу онхолдож тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат иргэн Х/43 настай, эмэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсан тул Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 09:38 цагт очиж, тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн Хар усан тохойн 3 дугаар гудамжинд /сумын төвөөс урд зүгт 45 км-т/, 3 үгт хаяг:/хэсээд.тэмдгээс.таалах/Иргэн О-ын эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 09:28 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 10:06 цагт очиж, 4х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 30 дугаар гудамжинд иргэн Д-ын 2х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 21:08 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:11 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Хөх үзүүрийн “Намарзан” гэдэг газар Иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 22:33 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 23:00 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 12 дугаар гудамжинд 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас иргэн Б-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 10.21-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг тухайн газарт 10.21-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс багийн “Сайрмаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/10.20-ны өдрийн 03:00 цагийн орчим 18-20 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин О-ын 5 ханатай гэр, малчин М-ын 4 ханатай гэр, малчин М-ын 4 ханатай гэр, малчин Л-ийн 4 ханатай гэр тус тус нурж, эвдэрсэн тухай мэдээллийг 10.21-ний өдрийн 12:28 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт 10.21-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг Жинст сумын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагаар Тус аймгийн Онцгой байдлын газар 09.26-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан бөгөөд 10.18-ны өдөр ар гэрээс нь дахин эрэн хайх хүсэлтийг гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 10.21-ний өдрийн 08:00 цагаас эхлэн “Аньст толгой” гэдэг газраас зүүн зүгт “Гучин есийн зоо” гэдэг газар хүртэл 10 км-т, баруун зүгт “Харлагийн-Эх” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр мөн өдрийн 20:00 цагт зогсоосон.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т/10.20-ны өдрийн 09:00 цагийн орчим Баян-Адрага сумаас Хэрлэн сумын чиглэлд “Приус-20” загварын суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э /50 настай, эрэгтэй/, М /39 настай, эрэгтэй/, Э /37 настай, эрэгтэй/, М /12 настай, эрэгтэй/, Г /5 настай, эмэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 14:00 цагт тухайн иргэд Хэрлэн сумын төвд өөрсдөө эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Холбоо’’ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 330 км-т/Малчин Д /82 настай, эрэгтэй/ 10.21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 02:36 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/Тус сумын харьяат иргэн Н /36 настай, эрэгтэй/ мал тууж “Жирээ” голыг морьтой гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.21-ний өдрийн 08:00 цагаас эхлэн “Жирээ” голын усаар 20 км-т завиар урсаж, 4-5 метрийн гүнд 10 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:10 цагт түр зогсоосон. 10.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР