Б.Саранцэцэг: Хэн нэгний мөрөөдөлд хүрэх замд нь багахан ч гэсэн тус хүргэх юмсан гэж хичээж явна

120712693_615776069090450_2246885959905595397_n.jpg

   “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор олон улсын багш нарын баярыг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн хөтөлбөрийн менежер, хошууч Б.Саранцэцэгийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна.  Ажлын гараагаа Онцгой байдлын ерөнхий газарт бичиг хэргийн эрхлэгчээр эхлүүлж, Улсын Онцгой комиссын ажлын албанд мэргэжилтэн, Тусгай мэргэжлийн сургалтын төвд  багш, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд багш, сургалтын арга зүйч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, Захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн албан тушаалыг хашиж байсан. Харин 2018 оноос Дотоод хэргийн их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн хөтөлбөрийн менежерээр томилогдон ажиллаж байна.

           -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

   Өглөө ихэвчлэн 06.00 цагт босдог. Өглөөнийхөө хийх ажлыг подкаст сонсонгоо амжуулна. Харин цайгаа уунгаа өдрийн хийх ажлынхаа жагсаалтыг эрэмбэлж, төлөвлөдөг. Энэ үйлдэл зуршил болчихсон. Төлөвлөөд сурчихаар өдрийн туршид эрч хүчтэй, зорилготой, хийх ажил тодорхой амар байдаг шүү.

        -Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

Онцгой байдлын албанд ажиллаж байгаагийн хувьд шүхрээр бууж үзэхийг хүсдэг. Задгай салхины чимээг мэдрээд байгалийг дээрээс нь харах мэдрэмж хэр байхыг үзмээр байна.

        -Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу. Эсвэл?

Тийм. Би амьдралынхаа томоохон шийдвэрүүдийг гаргахдаа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлддөг. Харин бусад тохиолдолд өөрөө шийдчихнэ. Амьдрал хүнд олон боломжийг өгдөг. Тэр боломжийг зөвөөр харж, зорилгодоо хүрэхийн тулд  хөдөлмөрлөх ёстой гэж хичээдэг дээ.

      -Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

Арван жилийн сургуулиа төгсөөд ангийнхан маань цэргийн хүн болно гээд шалгалт өгөхөд би багш болохоор шалгалт өгч байлаа. Тухайн үедээ цэргийн хүн болно гэж бодож байгаагүй. Гэтэл Австралид сураад ирсний дараа цэргийн байгууллагад ажиллах боломж гарсан.  Хүмүүс надад тусалж, дэмжсэн учраас л би өдий зэрэгтэй явж байгаа. Тиймээс хэн нэгний мөрөөдөлд хүрэх замд нь багахан ч гэсэн тус хүргэх юмсан гэж хичээж явна.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол…?

Энэ үгтэй санал нийлдэг. Гэхдээ өөрийнхөө ажлыг хийгээд өөртөө боломж бий болгодог шигээ бусдыг дэмжиж туслахыг хичээдэг. Өгсөн үүрэг даалгаврыг хэцүү гэж хүлээж авдаггүй. Миний үүрэгт  ажил учраас би өөрийнхөө хамгийн сайнаар хийх ёстой. Түүнийхээ ачаар мэдээлэл, мэдлэг хуримтлуулж өөрийгөө хөгжүүлнэ. Нар хүртэл мандаж, жаргадаг хорвоод унаж, босох үе зөндөө л бий. Зүтгээд л байвал амжилт өөрөө бий болдог гэж ойлгодог доо.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

Хар буруу санаагүй шүүмжлэл хамгаас хүчтэй хурцалж өгдөг. Тэр шүүмжлэлийг хэдий чинээ зөвөөр ойлгоно, төдий чинээ хүчтэй болж чаддаг. Зарим нь шүүмжлэл хэлсэн хүнийг буруугаар хүлээн авах, үзэн ядах явдал гардаг. Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим гэж ярьдагтай адил бид зөв хандлагаар уужим сэтгэх хэрэгтэй. Магтаалд дургүй хүн байхгүй гэж бодож байна. Магтаалын үгийг зөв цагтаа сонсоход урам авч, илүү ихийг бүтээх хүсэл нэмэгддэг.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Бид бүгдийн дэргэд байдаг. Аливаа зүйлийн сайхныг нь олж харж чадаж байвал тэр нь өөрөө аз жаргалыг бий болгодог.

-Таны бахархал?

Би аав, ээжийнхээ охин нь болж төрөөд сайхан ханьтай, хүүтэй болсноороо бахархдаг. Онцгой байдлын алба хаагч болж энэ салбарын баатруудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа болон мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан үе, үеийн хамт олон минь бас миний бахархал.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top