Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд Хэнтэйн уулсаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Шар дэрс 1 дүгээр багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 51 км замыг туулан 14:51 цагт очиж, иргэн М-ийн 20×8 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг, үүдний амбаар, эд хогшил шатаж байсныг 6 цаг 39 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:11 цагт очиж, иргэн П-ийн 15х10 метрийн хэмжээтэй 3 давхар нийтийн байрны 1 давхарт иргэн О-ийн 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан.

Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3А хэсгийн 7 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 16:08 цагт очиж, иргэн Д-ын 6 метр хашаа, “Приус-20” загварын суудлын автомашины багажны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:20 цагт очиж, иргэн Б-ийн 15х6 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 давхарт иргэн Г-ын 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтрааж, иргэн Г /32 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гарган, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 68 дугаар гудамжинд гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 23:12 цагт очиж, иргэн Д-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Х-ын 4 ханатай гэр, эд хогшил, иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн А-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд тус аймгийн харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 11.03-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 15:40 цагт тус сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус сумын Дархан-Уул багийн “Идэр”-ийн голын эрэг дагуу, “Дархан-Уул”-ын өвөр хэсгээр 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:58 цагт түр зогсоосон. 11.07-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    

scroll to top