Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 13-нд Монгол Алтайн уулсаар, 14-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 10 дугаар хорооны “Зүүнбаян- Уул”-ын 8 дугаар гудамжинд иргэн Ц-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 12:24 цагт очиж 46 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум. 13 дугаар хороо, “10 дугаар багийн “Задгай”-д иргэн Л-ийн “Навара” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан..

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 09:20 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Ширхэнцэг багийн 2 дугаар гудамжинд иргэн О-гийн хашаа, модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 11:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:41 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймаг, Баян-Овоо сум. Мандалхайрхан багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ 10.22-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Т/40 настай, эрэгтэй, нийслэлийн Баянгол дүүргийн харъяат/ “Цагаан цахир” алтны уурхайн харуулд хүнс хүргэж өгөхөөр яваад сураггүй болсныг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид Засаг даргын Тамгын газар, сумын эмнэлгийн ажилтнууд, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг 11.07-ны өдрийн 14:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 11.09-ний өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top