“Халдварыг дотоодод алдахгүй байхад анхаарч байна”

-2.jpg

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар  цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд тухайн иргэнийг хэдэн удаа шинжилгээнд хамруулж байна вэ.?

-Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлах хугацаанд ковид-19 илрүүлэх гурван удаагийн шинжилгээ авна. Эрүүл мэндийн сайдын 269 дүгээр тушаалын дагуу эхний ээлжид PCR буюу хамар залгиурын сорьц авч, вирус илрүүлэх шинжилгээг хийж байна. Дараа нь 10-14 хоногийн хугацаанд  цусны илдсийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар оношилж байгаа юм. Хамгийн сүүлд тухайн иргэнийг хяналтаас гарахаас өмнө 18-20 хоногт дахин шинжилгээ авч байгаа юм.

COVID-19 халдвар нь  ихэвчлэн 18-20 дахь хоногт буюу гурав дахь шатны  шинжилгээгээр илэрч байна.

-Гэхдээ  тусгаарлалтад буй иргэдээс шинжилгээ хангалтгүй, ердөө хоёр удаагийн шинжилгээ нь авч байна гэх шүүмжлэл дагуулж буй?

-Эрүүл мэндийн сайдын 269 дүгээр тушаалын дагуу COVID-19 илрүүлэх гурван удаагийн шинжилгээ авч байгааг тодотгоё.  Тухайн халдвараар өвдсөн иргэнтэй ойр байсан хүнээс халдвар илэрвэл сэжигтэй тохиолдол хэмээн үзэж дөрөв, таван удаагийн шинжилгээ авч байсан тохиолдлууд бий. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дөрөв, таван удаагийн давтан шинжилгээг авна. Иргэдийн хувьд тусгаарлалтад байх хугацаанд шинжилгээг бүрэн өгч байгаа учраас шинжилгээнээс татгалзсан зөрчил байхгүй. Мөн ямар нэгэн шүүмжлэл гараагүй.

-Гурван удаагийн шинжилгээний зардлыг иргэд төлөх үү. Аль эсвэл төрөөс хариуцаж байна уу?

 -Тусгаарлалтад буй иргэдээс COVID-19 илрүүлэх шинжилгээний зардлыг Засгийн газар хариуцаж байна. Харин гадаад дахь иргэд өөрийн зардлаар шинжилгээнд хамрагдаж байгаа юм.

-Коронавируст халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдал хэр байна вэ. Ямар үед хүндээр өвдөж байна?

-Шинжилгээгээр халдварын тохиолдлыг эрт үед нь илрүүлж байгаа учраас вирусээр өвдсөн хүмүүсийн биеийн байдал харьцангуй хөнгөн байна. Гэхдээ хавсарсан эмгэг буюу архаг хууч өвчин, хавдартай хүмүүсийн биеийн байдал нь хүндэвтэр байна.

Хавсарсан эмгэгтэй хүмүүсийн тухайд COVID-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэг хүндрэх магадлал ажиглагдаж байгаа юм. Халдварын батлагдсан тохиолдлуудын ихэнх нь хамар залгиурын сорьцоос илэрч байсан. Гэхдээ сүүлийн арав хоногийн байдлаар гурав дахь шатны давтан шинжилгээгээр илрэх нь нэмэгдсэн.

-Манай улсад анх удаа сувилагч халдвар авсан тохилдол бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар, хамгааллын дэглэмийг сахиж байна уу гэдэг асуудал анхаарал татах боллоо?

-Дэлхий дахинд 100 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвараар өвдсөн. Эрдэмтдийн судалснаар, эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч буйн шалтгааны 70 орчим хувь нь  хамгаалах хэрэгслийн хувцастай буруу харьцснаас болсон байна. Мөн үлдсэн 30 хувийн тухайд, гэрээсээ халдвар авсан 10 хувь байгаа бол мэс ажилбарын үед /агаар дуслын замаар аризоль үүсгэхэд/ халдвар авсан тохиолдол 10 хувь байна. Мөн өрөө тасалгаа гадаргуунаас 10 хувь нь халдвар тус тус авчээ. Хилийн гадна  улс орнуудад эмч, эмнэлгийн ажилтнуудаас хамгийн их  COVID-19 халдвараар өвдөж буй нь сувилагч нар. Тэд  эмчээс илүүтэй өвчтөнтэй хамгийн ойр тулж ажилладаг тул эрсдэл өндөр байгаа юм. Сувилагч нар хамгийн багадаа л халдвар авсан өвчтөнийг нэг өдөрт 4-5 удаа эргэж ажилладаг. Үүнийг дагаад халдвар авах эрсдэл нь ч өндөр. Манай улсын тухайд халдвар илэрсэн өвчтөнүүдээ Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчилж байна. Тус эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмээр нарийн мэргэшиж, бэлтгэгдсэн эмч нар ажилладаг.

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнтэй хэрхэн ажиллаж буйг 24 цагийн камерын ажиглалт хийж, ажлын байран дээр нь сургах бэлтгэл ажлыг байнга хийдэг. Гэхдээ л олон цаг битүү, хөлөрдөг хувцастай ажиллаж байгаа тул хүний хүчин зүйлсээс шалтгаалсан алдаа гарахыг хэн ч үгүйсгэхгүй.

-Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй ч эрсдэлтэй үед бэлэн байдлыг хангах чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтны нөөцөө хэр бэлдэж байна. Тэднийг хэрхэн бэлэн байдалд дадлагажуулж, сургаж байна вэ. Хэрэв муугаар бодоход халдварыг дотооддоо алдвал эмнэлэг хүрэлцээтэй юу?

-Коронавирусийн халдвар дэгдсэн цагаас буюу нэгдүгээр сарын 3-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн яам халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ирсэн. Үүний нэг хэсэг нь эм тариа, хамгаалах хэрэгслийн хувцасны нөөц хангамж, эмнэлгийн ажилтнуудыг сургах, ор бэлдсэн.

Одоогоор хамгаалах хэрэгсэл, эм тариа, эмнэлгийн ажилтны нөөц хангалттай бий. Мөн ор хүрэлцээтэй бий. Гэвч цаашид нөхцөл байдал хэрхэхийг одоогоор хэлэхэд хэцүү.

Халдварыг дотоодод алдсан тохиолдолд ДЭМБ-ын судалгаанд үндэслэн бид хүн амын хэчнээн хувь нь өвдөх эрсдэлтэй байгааг  тооцож  бэлтгэл ажлаа хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, хамгаалах хэрэгслийн хувцас, ариутгалын бодисын нөөцөө гаргасан. Дэлхий нийтэд тархаад буй халдварын  нөхцөл байдлыг харахад COVID-19 долгион байдлаар дэгдэж байна. Энэ нь халдвар нэг хэсэг намжиж дахин эрчимжиж буй үзэгдэл юм. Иймд, манай улсын авч хэрэгжүүлж буй хамгийн гол тактик бол дотооддоо халдварыг алдахгүй байхад чиглэж байна. Халдвараас урьдчилан сэргийлэхэд зөвхөн эрүүл мэндийн салбар, төр бэлтгэлээ хангах бус хүн амын боловсрол маш чухал. Ядахдаа л иргэд дор бүрнээ амны хаалтаа тогтмол зүүж, олон хүн бөөгнөрсөн газар очдоггүй, гэртээ зочин урихгүй, гэр орондоо халдваргүйжүүлэлт хийж дадсанаар халдвараас урьдчилан сэргийлнэ.

Хамгийн гол нь иргэд эрүүл ахуйн дэглэм сахихаас гадна дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дэлхий нийтэд халдвараар өвчилсөн хүмүүсийг ажиглаж байхад дархлаа сайтай хүн  халдварыг хөнгөн давж байна.

-Улсын онцгой комиссын шийдвэрээр шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Цар тахлыг дотоодод алдах эрсдэл өндөр байгаа энэ цаг үед баар цэнгээний газрууд, үзвэр үйлчилгээний байгууллага зэрэг хүний бөөгнөрөл үүсэх газруудыг түр хаах саналыг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлэв үү?

-Хүн амын дунд халдварыг алдаагүй, дотоодод COVID-19 илрээгүй тул Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох санал хүргүүлээгүй. Шинэ жилийн тухайд сум, дүүргийн Засаг дарга нарийн шийдвэр гаргах юм байна билээ.

-Гадаадаас нутаг буцах хүсэлт гаргасан, тусгаарлагдсан иргэд 21 хоногийн дэглэмийг шүүмжилж 14 хоног болгохыг шаардаж  байсан. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харахад 21 хоногийн дэглэм хамгийн оновчтой шийдвэр болж байх шиг?

Коронавируст халдварын дэгдэлтийн үед бид эхний удаа 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөж байсан. Гэвч тандалт судалгааны явцад 19, 20 дахь хоногт COVID-19 илэрч байв. Иймд  тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгах нь халдварыг алдахгүй байх хамгийн оновчтой арга хэмжээ гэж үзсэн.

Сүүлийн үед COVID-19  халдварын батлагдсан маш олон тохиолдол 18-аас дээш хоногт илэрч байна. Иймд тусгаарлалтын 21 хоногийн дэглэмийг хатуу чанд мөрдөх нь зүйтэй. Шинэ төрлийн коронавируст халдвар нь одоо ч оньсого хэвээр байгаа тул хүний биеийн онцлогоос шалтгаалан тодорхой хугацааны дараа илрэх нь түгээмэл байгаа юм.

Зарим улс оронд 21-ээс дээш хоногоор тусгаарлаж байна. Монгол Улсын хувьд өөрийн гэсэн онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж 21 хоногийн дэглэмийг цаашид ч бас  баримтлах  нь зүйтэй хэмээн үзэж байна.

-Гадаад дахь иргэд эх орондоо ирэхээс өмнө тухайн улс оронд COVID-19 илрүүлэх шинжилгээг  өгөх нөхцөл боломж нь хэр байна вэ?

-Гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирж буй гадаад, дотоодын иргэдэд PCR шинжилгээнд хамрагдсан гэх бичигтэй байх шаардлага тавьж буй. Мөн сүүлийн үед ОХУ-д өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор тээврийн жолооч нарыг шинжилгээний бичигтэй хил нэвтрэхийг шаардаж байна.  Гэвч уг шаардлагыг биелүүлж, шинжилгээнд хамрагдсан иргэдийн тоо багасч байна. Энэ нь халдварын дэгдэлтээс шалтгаалан тухайн бүс нутагт шинжилгээнд хамрагдах боломж нөхцөл нь тааруу байгаатай холбоотой. Иймд бид бүхэн бэлэн байдлаа хангаж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Үүнд хүн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага маш чухал.

Б.ЦЭЦЭГ

Эх сурвалж: news.mn

https://news.mn/r/2370435/

scroll to top