УОК-ын өнөөдөр зарим боомтуудыг хаах эсэх асуудлаар хуралдсан. Улмаар ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хүртэл хаах санал гаргаж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
УОК-оос томилогдсон гурван ажлын хэсэг Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан. Эдгээр ажлын хэсгүүд санал дүгнэлтээ Онцгой комиссын хуралд танилцуулсан бөгөөд эрсдэлийг үндэслэн дээрх саналыг гаргажээ.
Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхүйц хэмжээний импортын бүтээгдэхүүн байхгүй аж.
Түүнчлэн тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн Орос, Монгол зэрэг орны 40 орчим жолоочоос халдвар илрээд байна. Эдгээрээс гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан бол 37 жолоочийг тээвэрлэн ХӨСҮТ-д авчирчээ.
Алтанбулаг боомтоор ачаа тээврийг зогсоосон ч иргэдээ татан авах, зорчих тээврийг хаагаагүй гэж ойлгож болно.
Олон улсын худалдаа, импортын тээвэрлэлтийг төмөр замын тээвэрлэлтээр гүйцэтгэх талаар ОХУ-ын тээврийн байгууллагуудтай дипломат шугамаар тохиролцох, тээвэрлэлтийн боломжит хувилбарыг судалж, шийдвэрлэхээр болсон. Мөн Цагаануур, Эрээнцав зэрэг бусад боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна.
Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээхээр төлөвлөөд байна. Эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.