ЭМГЭНЭЛ

emgenel.jpg

Онцгой байдлын хурандаа

НЯМХҮҮГИЙН БОЙРОЙ

“Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүн, Галын техник спортын олон улсын шүүгч Онцгой байдлын хурандаа Нямхүүгийн Боорой нь хүнд өвчний улмаас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Нямхүү овогтой Бойрой нь 1955 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1973 онд Улаанбаатар хотын 3 дугаар арван жилийн дунд сургуулийг, 1978 онд Зөвлөлт холбоот улсын Галын инженерийн дээд сургуулийг галын ижненер мэргэжлээр, 1990 онд Улирдлага, хөгжлийн академийг Улс төрийн ухааны магистраар тус тус сурч төгссөн.

Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст галын байцаагчаар эхлүүлж улмаар ахлах байцаагч, галын албаны даргаар 1978-1982 онд ажиллаж, 1982-1988 онд Гал түймэртэй тэмцэх газрын Туршин шалгах станцын дарга, 1990-2000 онд Гал түймэртэй тэмцэх газарт Туршин шалгах станцын дарга, “Гал” улсын үйлдвэрийн газрын даргаар, 2000 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарч “Гал импекс” ХХК компанийг үүсгэн байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байсан.

Нямхүүгийн Бойрой нь Гал түймэртэй тэмцэх байгууллагад ажиллах хугацаандаа гал түймрийн шалтгаан нөхцлийг судлан тогтоох, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах арга технологийг сайжруулах чиглэлээр ажиллахын сацуу Зөвлөлт холбоот улсын “Медмолибден” компанийн галын байцаагч нартай хамтран “Галын интернационал зөвлөл” байгуулан ажиллаж байсан бөгөөд гавьяаны амралтандаа гарсан ч галын аюулгүй байдлыг хангах сургалт явуулах, стандартын шаардлага хангасан гал унтраагуур, галын дохиолол, унтраах системийг гадаад улс орноос нийлүүлэн аж ахуй нэгж байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах ажилд идэвхи зүтгэлтэй ажилласаар ирсэн билээ.

Түүнчлэн АНУ-д төвтэй “Галын албаны дарга нарын холбоо”, Малайзад төвтэй “Азийн галын албаны дарга нарын холбоо”-нд гишүүнээр элсэж Монгол Улсын галын байгууллагын чадавхийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж ажилласан юм.

Нямхүүгийн Бойройгийн гал түймэртэй тэмцэх байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлэн “Байлдааны медаль”, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Ардын армийн 50, 60 жилийн ойн медаль, “Онц гал сөнөөгч” цол, тэмдгээр шагнасан юм.

Түүний Гал түймэртэй тэмцэх байгууллагыг хөгжүүлэхэд амьдрал, ажил хөдөлмөрөө зориулж ирсэн дардан зам нь тасрахгүй мөнхөд гэрэлтэх болно. Таны хүнлэг сайхан сэтгэл, шударга хичээнгүй зан, өөдрөг хүсэл тэмүүлэл тань бид бүхний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин үлдэх болно.

ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ Ум сайн амгалан болтугай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАДЫН ХОЛБОО

scroll to top