1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 19-нд нутгийн зарим газраар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:32 цагт очиж, иргэн Л-ийн 10х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн “Сүүжийн-Ам” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т, Ө-45°15’0″, У-96° 21’36″/ 11.15-ны өдрийн 04:05 цагт /04:55 цагт/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР