Онцгой байдлын алба энэ онд хууль эрх зүйн иж бүрэн шинэчлэлүүдийг салбартаа хэрэгжүүлэн ажиллалаа. Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орсноор олон жил маргаантай байсан тус албаны статус тодорхой боллоо.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалаа батлуулж, энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онцгой байдлын албаны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан.
Энэ бүхэн бүхэлдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, шат ахиулах мэргэжлийн үйл ажиллагааны суурь бичиг баримтууд төдийгүй тус салбарт ажиллаж буй албан хаагчдын нийгмийн баталгааг бататгаж байгаа юм.