Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Нийт нутгаар багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар өдөртөө 2-7 градус, бусад 7-12 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс 5-10 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 25, 26-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:09 цагт очиж, иргэн Э-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дотор хана, таазны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Долоон даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/   Тус сумын “Хадын булаг” гэдэг газраас “Хангай” гэдэг газрын чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 22:58 цагт очиж, автомашиныг татан гаргасан.       

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:        

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны нийтийн байр  нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 11.23-ны өдрийн 00:00 цагт очиж, иргэн Б /30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.      

     ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР                                       

scroll to top