Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн цас багатай газар болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, бусад 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн Салхит 3 дугаар гудамжинд иргэн В-ийн 10х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр 17:30 цагт шатсан тухай мэдээллийг 11.23-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд 2 цаг ажиллаж унтраан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:48 цагт очиж иргэн Ш-ийн 6х3 метрийн хэмжээтэй гарааш, 5х3 метрийн хэмжээтэй байшин, “Тоёота Ландкруйзер 78” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:06 цагт очиж иргэн Э-ын 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР                          

scroll to top