Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар цас орно. Салхи 30, 12 дугаар сарын 01-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ц /1 нас 5 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хороо, Жанцангийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 02:03 цагт очиж, иргэн М-ын улсын дугааргүй “Ковш” загварын механизмын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 00:34 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:43 цагт очиж, иргэн М-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 14 дүгээр багийн 2 дугаар хороололд “Конфорт” зочид буудлын гал тогоонд гал гарсан тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 14:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:27 цагт очиж, тус буудлын 1 дүгээр давхрын гал тогооны цахилгаан болон хийн зуух шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Дөрвөлжин сум. Чигэстэй багийн Жавхлантын 207 тоотод автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:57 цагт очиж, иргэн Г-ын “Прадо” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа /усны осол/:

Булган аймаг, Хангал сум. Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг 11.25-ны өдөр дахин эхлүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас (Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т)  Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 11.26-ны өдрийн 11:40 цагт автомашиныг уснаас татан гаргаж, тус сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top