Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 4-9 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24Б гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 10:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:53 цагт очиж, иргэн Б-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:39 цагт очиж, иргэн Э-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 1А гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:26 цагт очиж, иргэн Ж-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн “Хөх нуурын заваг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 238 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ Иргэн П /16 настай, эмэгтэй/ 11.29-ний өдрийн 15:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Жаргалант сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:11 цагт иргэн П-ыг гэрээс нь хойд зүгт 4 км-т “Сөдийн-Эх” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхоны 4 дүгээр байранд хүмүүс маргалдаад хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 11:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10 км замыг туулан 12:18 цагт очиж, иргэн Б/эрэгтэй, 59 настай/, Б /57 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, иргэн Б цонхоор үсрэх гэж байсныг хаалгыг нь онгойлгон цонхноос буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

4.Мэдээлэл:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 373 км-т, сумын төвөөс зүүн зүгт 73 км-т Е-101°25´18″, N-42°75´04″/ БНХАУ-аас Монгол Улсын чиглэлд “Дээжийн Цэхэ” ХХК-ийн эзэмшлийн иргэн С-ийн жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины бүхээгийн хэсэг 11.30-ны өдрийн 10:06 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид очиж, үзлэг шалгалтыг хийж ажилласан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Цэций-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 119 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 19 км-т/ “Таван толгой” ХХК-иас “Цагаан хад” хилийн боомтын чиглэлд “Хийморь шанх” ХК-ийн эзэмшлийн иргэн Г-ийн жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины дугуй 11.30-ны өдрийн 22:28 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж, үзлэг шалгалтыг хийж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top