Улсын Онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос буцах иргэдийг Тэнгэр, Лавай, Драгон гэсэн зорчигч тээврийн гурван төвөөс 14 аймгийн чиглэлд тээвэрлэлт хийж байна. Хот хооронд зорчих иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базаан, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө авто буудалд ирсэн байх ёстой. Ирэхдээ шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Арваннэгдүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байсан юм.
Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байгаа. Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргахаар төлөвлөжээ. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг Хотоос орох, гарах иргэдийг зохицуулах түр журамд тусгасан байна.
Иргэд орон нутаг руу зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна.
Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын Онцгой комисс анхааруулж байгаа билээ.
Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч, аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.
Иймд, орон нутаг руу зорчих иргэдийн хүлээх үүргийг танилцуулъя.
1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө
3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn веб сайтаар тасалбараа захиална
5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руу хөдөлнө
6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна
7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө.
ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН АЙМГУУД РУУ ЭНЭ САРЫН 7-НООС ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ
Хот хоорондын зорчигч тээврийн зохион байгуулалтын хувьд өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл, 427 жолооч, орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч бэлэн байдалтай ажиллалаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа тухайн өдрийн 08:00-16:00 хооронд явуулна. Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8500 зорчигчийг тээвэрлэж, нөөц 92 тээврийн хэрэгслийг бэлэн байдалд байлгаснаар 3500-3600 зорчигчийг шаардлагатай тохиолдолд нэмж тээвэрлэх боломжтойг албаныхан хэллээ.
Харин цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН