Цахим сургалтад 73 алба хаагч хамрагдлаа

129157028_387104872613323_6932870455843716430_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Зудын эсрэг хариу арга хэмжээ” сургалтын хөтөлбөрийн төслийн хүрээнд “Онцгой нөхцөл байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх  нь” сургалтыг цахимаар зохион байгууллаа.

 Онцгой байдлын үед жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах олон талын хамтын ажиллагааг төв, орон нутгийн түвшинд бэхжүүлэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох ажилтнуудад мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус цахим сургалтад Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 73 алба хаагч хамрагдсан юм.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь нийгэм, эдийн засаг, газарзүйн байршил, соёл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг хүний эрхийн ноцтой зөрчил, нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Хохирогч нь ихэвчлэн охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд энэхүү хүчирхийлэл нь тэдний нийгэм, эдийн засаг, улс төрийн эрхээ эдлэх боломжийг нь хязгаарлаж байдаг. Үүнээс гадна бие махбодь болоод сэтгэл санааны маш олон асуудлыг үүсгэж, зарим тохиолдолд амиа алдахад ч хүргэдэг байна. 2017 онд хийгдсэн үндэсний хэмжээний судалгаагаар хоёр монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан гэжээ.

Тэгвэл онцгой байдал, гамшгийн үед, ялангуяа эмзэг бүлгийн дунд энэхүү хүчирхийлэл нь жирийн үеийнхээс нэмэгдэж, хүчирхийллийн хохирогчид тусламж авахад улам бэрхшээлтэй болдог байна. Иймд гамшиг, онцгой байдлын үед ч тухайн үеийн болон шинээр гарч болох эрсдэлийг бууруулах замаар хүчирхийллийн хохирогчдод амь аврах болон бусад нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, жендерт суурилсан хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top