Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар баравтар үүлтэй. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-10-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, 9, 10-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3/А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:04 цагт очиж иргэн Э-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:26 цагт очиж иргэн Ч-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 23:32 цагт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 23:46 цагт тус тус очиж иргэн Б-ийн 15х26 метрийн хэмжээтэй 2 давхар мансарттай 1 байшин, 10х19 метрийн хэмжээтэй 1 давхар мансарттай 1 байшин тус тус шатаж байсныг 3:35 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:34 цагт очиж иргэн П-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Харуул-Алтай” хотхоны 102 дугаар байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11.25-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон /11.27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Майхан толгой” гэдэг газар явган явж байсан/ тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. 12.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулагдаагүй. Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top