Хоногийн мэдээ

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өмнөговь аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Обьектын гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/-ны өдрийн 19:42 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 автомашинтайгаар 12 км замыг туулан очиж, “Нью вера тоурс Монгол” ХХК-ийн 24х20 метрийн хэмжээтэй сендвичин барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум 1 дүгээр багт эмийн сан шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/ -ны 06:55 цагт  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 автомашинтайгаар  4.5 км замыг туулан очиж, иргэн Д-гийн  7х9 метрийн хэмжээтэй эмийн сан шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багт зоорь шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/ -ны өдрийн 20:27 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Э-гийн 5х4 метрийн хэмжээтэй зоорийн хананы банз шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/-ны өдрийн 21:27 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 автомашинтайгаар 4 км замыг туулан очиж, иргэн Э-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Химийн бодисын осол – Цианидын осол

Завхан аймаг, Дөрвөлжин сум. “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ус шахдаг савнаас “Баяжуулах үйлдвэр” рүү натрийн цианидын сулруулсан уусмал дамжуулах хуванцар хоолой хөлдсөний улмаас задарч натрийн цианидын сулруулсан уусмал алдагдсан тухай дуудлагыг /2020.12.11/-ний өдрийн 09:10 цагт аймгийн Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газар, сумын ЗДТГ-ын болон тус компанийн ажилтнууд нийт 24 хүн, 10 техник хэрэгсэлтэй ажиллаж, 2020.12.12-ны өдөр натрийн цианидын сулруулсан уусмал тунаж тогтсон газрын хөрсийг 50 см, урсаж өнгөрсөн газрын хөрсийг 20 см зузаантай хуулж, нуруулдсан овоолго дээр асгах ажлыг гүйцэтгэсэн. Натрийн цианидын сулруулсан уусмал асгарсан талбайн агаарын чанарыг “Монитокс” багажаар шалгаж үзэхэд 0.0 хувь буюу агаарт тархаагүй, тус уурхайн лабораторид натрийн цианидын ядуу уусмал урсаж хөлдсөн мөсийг хайлуулж хэмжилт хийхэд PH /натрийн цианидын агууламж/ 0.5 хувь, уусмал тогтож хөлдсөн мөсийг хайлуулж хэмжилт хийхэд PH 0.6 хувьтай байсан. Уусмал болон газрын хөрснөөс дээж авч Улаанбаатар хот руу /2020.12.13/ МХЕГ-ын лабораторит хүргүүлнэ.

Цасанд суусан:

Өмнөговь аймаг, Ханхонгор сум Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ Тус аймгийн Номгон сумаас Даланзадгад сумын чиглэлд иргэн Х-ын жолоодож явсан 48-84 ӨМҮ улсын дугаартай “Ниссан Эдвен” загварын ачааны автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагаар /2020.12.12/-ны өдрийн 15:25 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж автомашиныг татан гаргасан.

Эрэн хайх ажиллагаа:

Өмнөговь аймаг, Ханхонгор сум Хондот багийн “Шар тээгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Н /68 настай, эрэгтэй/ /2020.12.12/-ны өдрийн 13:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нийт 20 хүн, 5 автомашинтай 20:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:22 цагт гэрээс нь баруун урд зүгт 10 км-т “Буруу савын худаг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

scroll to top