Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт” сэдэвт цахим сургалтыг Говь-Алтай, Баянхонгор аймагт энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цахим сургалтыг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Б. Мягмарсүрэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Зояа нар удирдан явуулсан юм.
Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн бүх төрлийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал, мөлжлөгөөс хамгаалуулах эрхийг хангахын тулд цаг алдалгүй тусламж, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага нь нутгийн захиргааны байгууллага, цагдаа, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүрэгтэй.
Иймд цахим сургалтаар холбогдох байгууллагуудаас гамшгаас хамгаалах эрх зүй бодлогын шинэчлэл, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүүхдийг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, хүүхэд хамгаалал, боловсролыг тасралтгүй олгох, өвөлжилтийн нөхцөл байдал болоод гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд зориулсан “Анхаар” болон 3 үгт хаяг (What3words) аппликейшны талаар илтгэл танилцуулсан юм.
Аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албад, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Боловсролын байгууллагын ажилтан, багш, сурагчдын төлөөллийг сургалтад хамруулж, коронавируст халдвар тархсан, өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед хүүхдэд учрах хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.