Хамтын ажиллагааны талаар санал солилцов

GJ1A8061.jpg

   ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Иргэн-цэргийн харилцааг дэмжих хэлтсийн дарга, ахмад Лүкас Үэббэныг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-цэргийн харилцааг дэмжих хэлтэстэй хамтран Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Засгийн газрын Төрийн департмент хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг өнгөрөгч есдүгээр сард байгуулсан.

   Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

   Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1992 эхэлсэн. Онцгой байдлын байгууллага нь АНУ-ын Ойн алба, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн арми, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Үндэсний орон зайн тагнуулын алба, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай менежемент, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Ойн алба, Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран “Ослын үеийн удирдлагын системийн сургалт”-ыг 2012, 2013, 2015, 2018, 2019 онуудад амжилттай зохион байгуулсан. Одоогийн байдлаар тус системийг Монгол Улсад нэвтрүүлэх ажил амжилттай явагдаж байгаа юм.

“КОВИД-19” халдварт цар тахлын хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын улсын хэмжээнд удирдан, зохион байгуулах чиг үүрэгтэй Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн “Ослын үеийн удирдлагын систем”-ийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа гэдгийг хурандаа Ц.Ганзориг онцоллоо.

АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр АНУ болон Ази, Номхон далайн бүс нутагт зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах чиглэлийн хурал, семинар, сургалт, дасгал ажил зэрэг арга хэмжээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тогтмол хамрагддаг. Тухайлбал, Даниэл К.Инноеийн нэрэмжит Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвөөс АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотод зохион байгуулдаг “Хямралын үеийн цогт удирдлагын систем”-ийн сургалтад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2003 оноос эхлэн тогтмол оролцож байна.

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын хамтын ажиллагааны нэг томоохон үйл ажиллагаа нь “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа юм. Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт,  2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт,  2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр баруун бүсийн төв Ховд аймагт , 2019 онд “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр Дорноговь аймагт тус тус амжилттай зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top