Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт маргаашнаас буюу энэ сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байна.
Шинжилгээг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллана.
Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.