“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох” дээд хэмжээний цахим уулзалтад оролцлоо

GJ1A8122.jpg

 НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн оролцогч талуудын 26 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд ИБУИНХУ, БНФУ, НҮБ-тай хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох” дээд хэмжээний цахим уулзалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нар оролцлоо.

Тус уулзалтад 75 улс орны төрийн тэргүүн буюу Засгийн газрын тэргүүний түвшинд оролцсон бөгөөд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр  Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ анх тогтоосон 14 хувиас 22.7 хувь болтол нэмэгдүүлж, цаашид 27.2 хувьд хүргэх зорилготой байгааг зарлалаа. Энэхүү зорилтод хүрэхийн тулд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн тодорхой төслүүд хэрэгжиж эхлээд байгааг мэдээлсэн юм. Тухайлбал, Говийн бүс нутагт цөлжилттэй тэмцэх зорилгоор 1,000 км усжилтын суваг барьж байгуулахад бэлэн болсон гэдгээ онцоллоо.

Түүнчлэн НҮБ, Европын Холбоо, ОУВС зэрэг олон улсын байгууллага, холбоод болон “Apple” зэрэг томоохон компаниудын төлөөлөл оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулж, энэ чиглэлээр олон улсын сан, хөтөлбөрүүдэд оруулж буй хандиваа нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх хүртэл тус бүрийн улсдаа Уур амьсгалын онцгой байдал зарлахыг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top