Онцгой байдлын байгууллага 2020 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа цахимаар зохион байгууллаа.
Цахим хурлаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян 2020 онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн чуулганаар батлуулсан. Хууль батлагдсанаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь болж, алслагдсан аймаг, сум, суурин газарт томилогдон ажиллах байгаа алба хаагчид улирал тутам үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл, албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор болсон. Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг, хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт инновацыг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага боллоо. Мөн Засгийн газрын тогтоолоор нисэгч, инженер, техникийн ажилтнууд, агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багийг Монгол Улсад бэлтгэж, нисэх ажиллагааг зохион байгуулах, засвар үйлчилгээг иж бүрнээр хийх чадвартай үндэсний боловсон хүчин бүхий нисэх нэгжийг байгуулж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 15,4 сая еврогийн өртөг бүхий 14 төрлийн нийт 71 автомашин нийлүүлэгдэхээс энэ онд 9 төрлийн 56 автомашин нийлүүлэгдлээ. Дээрх автомашин техник Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдсэнээр албаны техник тоног төхөөрөмжийн хүчин чадал 14 хувиар нэмэгдэж, албаны чадавх 55,2 хувьд хүрээд байна” хэмээн онцолсон юм.
Онцгой байдлын байгууллага 2020 онд “Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт инновацыг нэвтрүүлэх” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 96,3 оноогоор буюу “А” үнэлгээтэй биелүүллээ.
Улсын хэмжээнд 2020 онд тохиолдсон 4894 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.