Шинэ жилийн баярын өдрүүдэд цасан шуургатай

Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх сэтгэл догдлуулсан мөч ойртож байна. Шинэ оны эхний өдөр баасан гаригт тохиож байгаагаас иргэд бямба, ням гаригт үргэлжлүүлэн амрах юм. Тиймээс хөдөө, орон нутгийг зорих хүний тоо олширдог. Тиймээс Ус, цаг орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас баярын өдрүүдийн цаг агаарын талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар 12-14 м/с, хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар  хүйтний эрч чангарна.

Иймд, нийт иргэд, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, цасан шуурганы үеэр аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд автомашин, техник хэрэгслийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

www.news.mn

 

scroll to top