Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг цаас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 19-21 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 м/с, 5-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн “Задгай”-д  Уурын зуухны 25х25 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 08:31 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн “Задгай”-д Иргэн Л-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:59 цагт очиж 1 цаг 25 минут, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 13:09 цагт очиж 30 минут ажиллаж тус тус унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны “Өнөр”-ийн иргэн Н-ийн “Өег” хүнсний цехийн барилга дотор эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 14:58 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 45 дугаар гудамжны иргэн Э-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:37 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн “Гурвансайхан”-ы 1 дүгээр гудамжны иргэн Ч-ын 16х9 метрийн хэмжээтэй сэндвичэн граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 20:29 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 20:34 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Агуйт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т, Ө-44°58’48.0″, У-102°22’12.0″/ 05:15 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:41 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Үнэгт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т/Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.01-ний өдрийн 04:33 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 39 км зам туулан 06:50 цагт очиж Баяндалай сумын төвөөс Наран багийн “Зөөлөн” гэдэг газрын чиглэлд иргэн Х /39 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Аксент” загварын сууудлын автомашиныг цасанаас татан гаргасан.  

5.Мэдээлэл:

Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 3 дугаар гудамжны иргэн Ц-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин 01.01-ний өдрийн 01:20 цагт шатсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг 02:00 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top