1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ус, цас, шаварт саатсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Ээж хад” чиглэлд зорчиж явсан 62-82 УБТ улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.01.03-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн У /26 настай, эрэгтэй/, М /29 настай, эмэгтэй/, М /33 настай, эмэгтэй/ нарын зорчиж явсан суудлын автомашиныг цаснаас татан гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 5 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 5, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 1 дүүрэг, 6 аймгийн 10 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-ийн 8 үхэр 2015.12.27-ны өдөр өвчилсөнийг, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ -д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн 544 дүгээр хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Натур” худалдааны төвийн дэргэд иргэн С-ийн 32-30 УБП улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.03-ны өдрийн 10:48 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.03-ны өдрийн 12:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.03-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар авто” угаалгын газрын дэргэд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2016.01.03-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, шатаж түлэгдсэн нэр, хаяг тодорхойгүй /28-30 орчим настай, эрэгтэй/ хүний цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР