Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгуудад цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Дэлгэр багийн “Аварга” хорооллын задгайд 01.14-ний өдрийн 06:10 цагт амбаар шатсан тухай мэдээллийг 01.14-ний өдрийн 07:10 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 06:17 цагт очиж иргэн П-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг “Булнай” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:00 цагт очиж тус хорооллын 19 дүгээр хэсгийн Э-ийн 12×20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1:43 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Гарам” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 11:25 цагт очиж “Гарам” гудамжны 8 тоотод иргэн П.Батчимэгийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 14:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:26 цагт очиж 13 дугаар гудамжны иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн “Ёл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/-т гэр, мотоцикл, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 100 км замыг туулан 17:35 цагт очиж иргэн Э-ийн 5 ханатай гэр, мотоцикл /улсын дугаар, бүртгэлгүй/, 7х20 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг 2:50 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 6А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:49 цагт очиж иргэн Б-ийн 10×8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 2:24 цаг ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12, У-100°21’36/01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.   Тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, 01.14-ний өдөр Хороо багийн “Хачим” гэдэг газрын орчим /сумын төвөөс баруун урд зүгт 30 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км/-т 04:57 цагт 3.9 магнитуд, 09:02 цагт 3.6 магнитуд, 15:38 цагт 3.9 магнитуд, 19:36 цагт 3.9 магнитуд, 02:20 цагт 4 магнитуд, 03:29 цагт 4.8 магнитуд, 04:26 цагт 4.5 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт тус тус бүртгэгдсэн. Тус аймгийн Засаг даргын 01.13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” 01.14-ний өдөр Ханх сумын Засаг даргын Тамгын газрын байр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боомтын барилгуудад үзлэг шалгалт хийсэн. Газар хөдлөлтийн голомт Хороо, Тураг багийн “Ходон”, “Чичин”, “Хачин” гэдэг газруудад очиж малчин иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцсан. Иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн давтан газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 06:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан 06:16 цагт очиж Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсаныг, иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг /цогцсыг/ 21 минут ажиллаж гарган Нийслэлийн Тээврийн цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

scroll to top