Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи хугацааны эхээр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Дэлүүт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд 30 км-т/ Үйлдвэрийн тоног төхөөрөмж угсардаг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 12:53 цагт очиход “Олон-Ихт баян” ХХК-ийн 36х66 метрийн хэмжээтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж угсардаг байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 31 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайтын богино” зуслан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:19 цагт очиход “Яргайтын богино” зуслангийн иргэн Т-ын 8х14 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Далан”-гийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулж 00:03 цагт очиж, иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т, Ө-51°25’12”, У-100°16’12″/ 01.15-ны өдрийн 14:03 цагт 3.5 магнитут, 14:35 цагт 3.7 магнитут, “Оёг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°16’12”, У-100°21’00″/ 14:37 цагт 3.6 магнитут, 15:54 цагт 4.2 магнитут, 19:24 цагт 3.5 магнитут, 01.16-ны өдрийн 04:49 цагт 3.7 магнитутын хүчтэй давтан газар хөдлөлт тус тус болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.          

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “4 замын уулзвар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км-т, сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Кроун” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан “Приус 20” загварын суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 27 км замыг туулан 19:10 цагт очиход Ө /40 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарын цогцсыг Цагдаагийн байгууллагын алба хаагчид автомашинаас гаргасан байсан бөгөөд бэртэж гэмтсэн иргэн Г /56 настай, эмэгтэй/, Ж /44 настай, эрэгтэй/, У /25 настай, эмэгтэй/, Н /24 настай, эрэгтэй/,  П /31 настай, эмэгтэй/, Ш /24 настай, эрэгтэй/, Г /40 настай, эрэгтэй/ нарыг Тосонцэнгэл суманд авчирч Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top