Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-ны өдөр нутгийн хойд, 27-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-ны өдөр говь, талын нутгаар, 26, 27-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 28-ны өдрөөс өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 16:39 цагт очиж, иргэн М-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Зуун модны-Ам гэдэг газарБайшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 17:40 цагт очиж, иргэн Х-ын 13х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Жанчив багийн Жанчивын 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:23 цагт очиж, иргэн Э-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23/Г дугаар байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 00:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:49 цагт очиж, тус байрны зоорийн давхарт байрладаг иргэн Г-ийн 4х4 метрийн хэмжээтэй “Мужааны цех”-ийн өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Өвөр гүнт”-ийн зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:56 цагт очиж, иргэн Ж-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг болон 4х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т/ 01.23-ны өдрийн 11:29 цагт 3.5 магнитуд, “Хороо гол” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 32 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км-т/ мөн өдрийн 22:18 цагт 3.9 магнитуд, Оёг гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т/ мөн өдрийн 22:50 цагт 3.5 магнитуд, 01.24-ний өдрийн 02:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжид гар худаг руу хүн унасан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:16 цагт очиж, тус тоотод оршин суугч иргэн Е /38 настай, эрэгтэй/-ын цогцсыг 7 метрийн гүнтэй гар худаг дотроос 22 минут ажиллан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top