Шинэ жилийн баяр, амралтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/341 дүгээр тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах арга хэмжээ авч ажиллалаа.
Энэ хугацаанд аврах, шуурхай албаны 215, гал унтраах 331, нийт 546 нэгж тусгай зориулалтын автомашин, 1471 албан хаагч /давхардсан тоогоор/ үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн нутаг “Хатуугийн давааны энгэр” гэдэг газар Тоёото загварын 82-38 УНГ улсын дугаартай суудлын автомашинтай 2 нялх хүүхэдтэй цасанд суусан байна гэсэн дуудлагаар /2015.12.31/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн аймгийн төвд хүргэж өгсөн байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагаас Зайсан орох уулын автозамд 44-86 УНН улсын дугаартай “Nissan selfi” загварын автомашин, 43-46 УНГ улсын дугаартай “Honda civic” загварын автомашинтай мөргөлдсөн байна гэсэн дуудлагаар /2015.12.31/ нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж иргэн М.Батсүх /50 настай, эрэгтэй/, Ц.Дуламсүрэн /49 настай, эмэгтэй/, Д.Сосорбарам /37 настай, эмэгтэй/, А.Цэндсүрэн /31 настай, эмэгтэй/, Б.Балжинням /21 настай, эрэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмч нарт шилжүүлсэн.
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Их амны хясаа” гэдэг газар Туул голд иргэн А-гийн 46-65 УНУ улсын дугаартай “Hyudai Click” загварын автомашинтай 6 иргэн цасанд суусан тухай дуудлагаар /2016.01.02/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 11 албан хаагч ажиллаж цаснаас татаж гаргасан байна.