Хятадын Шаньдун мужийн Хушан алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас энэ сарын 10-наас хойш газрын гүнд гацаад буй уурхайчдыг аврахад 15 хоног шаардагдана гэж албаны эх сурвалж дурдан Ройтерс агентлаг мэдээлжээ.
Осол гарсны дараа нийт 22 уурхайчин газар доор гарч чадалгүй үлдсэн бөгөөд тэдний 11 нь амьд үлдэж, нэг нь холбоо тогтоосноос хойш амиа алдсан бол 10 нь сураггүй хэвээр байна.
Өнгөрсөн пүрэв гарагт аврагчид уурхайчдад хүрэхийн тулд дахин шинэ хонгилууд ухаж эхэлсэн ба 711 мм голчтой нэг хонгилыг ашиглан уурхайчдыг аюулгүй газар гаргахаар төлөвлөж байна. Амьд гарсан 10 уурхайчин хаалганаас 600 метрийн зайд уурхайн гол хэсэгт, нэг нь хажуугийн хэсэгт хашигдаад байгаа бөгөөд тэднийг хүнс, эм зэрэг шаардлага бүхнээр хангаж байгаа юм.
Уурхайчдыг гаргаж авах хонгилын замын саадыг арилгахад 15 хоног шаардагдах гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, 350 метрийн гүнд 100 метр зузаан, 70 орчим тонн жинтэй саад үүссэн байна.
Аврах ажиллагаанд 600 орчим хүн оролцож байгаа бөгөөд түргэн тусламжийн 25 автомашиныг сойжээ.
Хятад улсад уурхайд осол гарах нь элбэг тохиодог байна. БНХАУ-ын Уурхайн аюулгүй байдлын үндэсний газрын мэдээллээр, өнгөрсөн онд л гэхэд уурхайтай холбоотой 573 нас баралт бүртгэгджээ.