Г.Нэргүй: Гал түймрээс 78 хүний амь нас аварсан

ugaarmedregchhevlel5_20200323025819-6ym2jda5uxabx7odro4lyd0u0qpgee0r0mgjl1z93y8.jpg

 Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс ахуйн хүрээний гал түймрийн нөхцөл байдлыг тодрууллаа.

 Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ахуйн хүрээний гал түймэр хэчнээн гарсан вэ?

 -Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 218 удаагийн дуудлага мэдээлэл хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах анги ажиллаж, гал түймрээс 78 хүнийг амь насыг аварсан. Гал түймрийн улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, таван хүн түлэгдэж гэмтсэн. Гэр орон байранд гарч байгаа галын шалтгааныг авч үзвэл пийшин зуух, яндангийн цонолт хамгийн их буюу 89, цахилгаан эрчим хүчнээс 56, лаа шүдэнз, ил гал үнс нурамнаас 47, машин техникийн ашиглалтын буруугаас 21, бусад шалтгааны улмаас 4 удаагийн гал түймэр гарсан байна. Гал түймрийн улмаас аж ахуйн нэгж болон иргэдийн хөрөнгөнд 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Ер нь гал түймрийн дуудлага өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан байгаа. Оны сүүлээр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт гал түймэр, ахуйн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулсан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд гэртээ байгаатай холбоотой галын дуудлага буурсан гэж үзэж байна.

 -Нийслэлийн хэмжээнд томоохон зах худалдааны төвүүд нээгдсэн учраас хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэж, ахуйн хүрээний галд өртөх эрсдэл гарч байна?

 -Хүйтний эрч чангарч, гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгдсэн. Ийм учраас эцэг эхчүүд гэр орны галын аюулгүй байдлыг хангах, яндан зуухныхаа аюулгүй байдлыг байнга шалгаж байх шаардлагатай. Тэр дундаа бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүнийг харгалзах хүнгүйгээр үлдээж болохгүй. Өнгөрсөн сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, 35 минут ажиллан түймрийг унтраасан. Галд 13 настай хүү, 9, 5, 2 настай болон 7 сартай охин амь насаа алдах өндөр эрсдэл байсныг таслан зогсоосон. Он гарснаас хойш бага насын хоёр ч хүүхэд ахуйн гал түймрийн улмаас амь насаа алдсан тохиолдол гарсан. Бага насны хүүхэд аливаа ахуйн осолд өртөх  эрсдэл өндөр байдаг. Тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэд бага насны хүүхдийг харж хандах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээснээс болж, хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч байсныг мартаж болохгүй.

-Гэр хорооллын иргэд галын аюулгүй байдлаа хангаж байгаа тал дээр хяналт шалгалт хийдэг үү?

-Хяналт шалгалтын улирал бүр хийж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр арилгах, хугацаатай үүрэг өгч ажилладаг. Пийшин яндангийн зуухны цонолт, цахилгааны аюулгүй байдал, гэр хороололд ил задгай үнс нурам асгаснаас болж гэр байшин хашаа шатаж, эд хөрөнгө эрүүл мэндээр хохирдог. Иймээс иргэд анхааралтай болгоомжтой байх ёстой. Удахгүй урин дулааны цаг ирж айл өрхүүд зусландаа гарна. Эрчим хүчний яам гэр хороолол болон зуслангийн бүсийн айл өрхүүдийн цахилгааны кабелийн утсанд шинэчлэл хийх ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж боддог.

-Гэр хороололд иргэд угаартах тохиолдол хэр гарч байна вэ?

-Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал дуудлага буурсан. Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж сурч байна, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг сайтар мөрдөх хэрэгтэй.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

scroll to top