Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар,11-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 12:24 цагт очиход иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 хэмжээтэй гал тогооны өрөөний хана, тааз болон доторлогооны хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Н-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн Задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 00:30 цагт очиход иргэн Э-ын “Хаммер Н-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5 дугаар гудамжинд аргал шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:55 цагт очиход иргэн Ц-ийн хураалттай аргал шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 337 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т, Ө-51°18’00”, У-100°25’12”/ 02.06-ны өдрийн 08:56 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:08 цагт ООГХ-ээс утсаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 37 км-т, Ө-51°13’48”, У-100°22’48”/ 02.06-ны өдрийн 22:16 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:31 цагт ООГХ-ээс утсаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Бураат багийн “Бураатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ автомашин авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж, бүхээгийн төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 02.06-ны өдрийн 22:48 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 100 км замыг туулан мөн өдрийн 00:26 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Толбо сумын чиглэлд Ховд аймгийн харьяат иргэн Э-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж, автомашины төмөр хийцэд иргэн Э /27 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг 1 цаг 30 минут ажиллаж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлж өгсөн.

Бусад төрлийн осол: Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Хятадын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 162 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ худагт 1 хүн унаж нас барсан, худгаас цогцсыг гаргуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 02.06-ны өдрийн 15:50 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 162 км замыг туулан мөн өдрийн 18:00 цагт очиход малчин Э-ын туслах малчин Төв аймгийн Лүн сумын харьяат Х /35 настай, эрэгтэй/ худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top