Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас ороогүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн баруун хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ, 11, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Булгийн 1 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг туулан 14:10 цагт очиж, иргэн Б-ын 4х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр болон үүдний хэсэг шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төрийн ордны урд тал, жанжин Д.Сүхбаатарын талбай 1 хүн бие рүүгээ шатахуун асгаж өөрийгөө шатаасан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Төрийн ордны Гал түймрийн улсын хяналтын байцаагч болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга нараар ахлуулсан бүрэлдэхүүн очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Э /34 настай, эрэгтэй/ 5 литрийн савтай шатахууныг бие рүүгээ асгаж өөрийгөө шатаасныг Цагдаагийн байгууллагын алба хаагч болон тухайн газрын ойролцоо явж байсан иргэд хамтран унтраасан байсан бөгөөд цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 20 дугаар байранд тагт шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:28 цагт очиж, иргэн Б-ийн тагт дээр хураалгаатай эд, зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, “Япон цэргийн цогцолбор” явах автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:10 цагт очиход иргэн Б-ийн “Портер” загварын ачааны автомашин дээр ачиж явсан эд, зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 317 км-т, Ө-51°13’48”, У-100°21’36”/ 02.09-ний өдрийн 05:46 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 05:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Сайхан хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 152 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Тус сумын харьяат малчин О нь 02.06-ны өдөр гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 02.08-ны өдрийн 16:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад малчин О /34 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг тус сумын Буянт багийн иргэн Ц-ийнд эсэн мэнд ирлээ /гэрээс нь 45 км-ын зайтай/ гэж мөн өдрийн 20:51 цагт ар гэрийнхэнтэйгээ холбоо барьсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Өвөр цагаан дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 02.08-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин С /31 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 23:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцос /нийт 3 цогцос/ байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top