Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд говь, талын нутгаар 13-15 м/с, 19-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхжин худалдааны төвийн баруун талд Дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 05:57 цагт иргэн А-ийн 3×6 метрийн хэмжээтэй дугуй засварын байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.       

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шандын 25 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:32 цагт очиход иргэн Г-ийн 11х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Вокзалын Задгай 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:54 цагт очиход иргэн Л-ын “Соната-5” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Силикат” хороолол барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, тус сумын харьяат иргэн Н /36 настай, эмэгтэй/-г гэр бүлийн маргааны улмаас Хуучин тоосгоны үйлдвэрийн барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн “Баагий хар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км-т, сумын төвөөс зүгт зүгт 50 км-т/ 02.13-ны өдрийн 09:00 цагийн орчим малчин М малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 02.14-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 02.14-ний өдрийн 16:35 цагаас малчин М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэдэг газраас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top