Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход иргэн Р-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 02:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:40 цагт очиход иргэн О-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top