Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн “Гоёот” 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 09:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 09:11 цагт очиж иргэн Г-ийн 15х12 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд 02.18-ны өдрийн 12:00 цагийн орчимд иргэн Д нь автомашинтайгаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд иргэн Д /55 настай, эрэгтэй/ “Тоёота пробокс” суудлын автомашинтай сураггүй болсоныг 02.19-ний өдрийн 15:47 цагаас эхлэн “Их хонгил”, “Нэмэгт хайрхан”, “Наран даац”, “Зуун мод” зэрэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:48 цагт Гурвантэс сумаас баруун хойд зүгт 110 км-т “Зулганай” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн “Нарийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс 64 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-тИргэн Б нь 02.17-ны өдрийн 09:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.19-ний 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгээс алба хаагчид иргэн Б/40 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ийг 02.19-ний өдрийн 16:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top