Сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна

UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w.jpg

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд онцгой байдлын тусламжийн зохицуулагч (Under Secretary General for Humanitarian Affairs and Emergency Relief Coordinator)-ийн албан тушаалд сонгон шалгаруулалт  зарлалаа.

Энэхүү албан тушаалд томилогдсон хүн НҮБ-ын удирдах албан тушаалтны багт орох ба ажлаа шууд Ерөнхий нарийн бичгийн даргад тайлагнана. Мөн эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхийг уриалсан байна. Албан тушаалд нэр дэвшигч нь дараах үүрэг гүйцэтгэнэ:

  • Онцгой нөхцлийн хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах ажлыг ЕНБД-ыг төлөөлөн манлайлан зохицуулах, гамшиг, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээг цаг алдалгүй, уялдаа холбоотой зохицуулах,
  • Хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг зохицуулах алба (OCHA)-ыг үр дүнтэй удирдан, төсвийн зохицуулалт хийх,
  • Хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээнд оролцож буй НҮБ-ын улс төр, энхийг сахиулах, хүний эрх, хөгжлийн байгууллага, нэгж, агентлагууд болон ТББ-уудын уялдаа холбоог зохистой хангах,
  • Хүмүүнлэгийн зохицуулагчдыг заавар чиглэлээр хангах,
  • Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, зарчмуудын хэрэгжилтийг хангаж ажиллах,  
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар гишүүн орнуудад зөвлөгөө өгч байх,
  • НҮБ-ын системийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон улсын дэмжлэг авах ажлыг эрчимжүүлж, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдэд санхүүжилт татах,
  • ЕНБД-ын нэрийн өмнөөс үүссээд буй, эсвэл шинээр үүссэн онцгой нөхцөл, байгалийн гамшигт газар оронд ажиллах,
  • НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан(CERF)-гийн хөрөнгийг захиран зарцуулах,

Албан тушаалд тавигдах шаардлага:

  • Олон улсын хүмүүнлэгийн системийн тухай өргөн хүрээний мэдлэгтэй,
  • Олон улсын хэмжээний хүмүүнлэгийн асуудлыг хамгаалах, шийдвэрлэхэд үндэсний болон олон улсын төлөөлөгчидтэй олон газар хамтран ажиллаж байсан туршлага, манлайлалтай, олон төрлийн түнш улс, байгууллагаас төрөл бүрийн дэмжлэг авах чадвартай,
  • Олон улсын иргэдээс бүрдсэн дэлхийн олон бүс нутагт салбартай баг, хамт олныг удирдаж ажилласан туршлагатай стратегич байх,
  • Менежмент, шинэчлэл, байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлсэн туршлагатай байх,
  • Олон улсын иргэдээс бүрдэх хамт олон, түншүүдтэй идэвхтэй, уялдаа холбоотой ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай байх,
  • НҮБ, НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах албаны дүрэм журмыг мөрдөж, зорилгыг дэмжиж, НҮБ-ын системийг сайн мэддэг байх,
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, НҮБ-ын бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Энэ албан тушаалд иргэнээ нэр дэвшүүлэх улс орнууд https://www.un.org/sg/en/vacancies/index.shtml холбоосоор 2021 оны 3 дугаар сарын 15-наас өмнө хүсэлтээ гаргана.

scroll to top