Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын нутгаар цас орж, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Увс, Ховд шороогоор шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 11:19 цагт очиход иргэн Ж-гийн 7×7 метрийн хэмжээтэй байшингийн 3×4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 14:35 цагт очиход иргэн Л-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байшин шатаж байна дуудлагыг 02.25-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:55 цагт очиход, иргэн Ч-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улиастайн ферм” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 15:55 цагт очиход иргэн Н-ийн 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Н /73 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлж өгсөн. 

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Д-гийн 18×24 метрийн хэмжээтэй модны үйлдвэрийн чиглэлээр ажилладаг сендвичэн байшингийн 12×1.6 метрийн хэмжээтэй үртэс хураадаг өрөөнд гал гарч байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:11 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ний өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:24 цагт очиход иргэн Г-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 38 минут ажиллан унтраасан.

Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт /аймгийн төвөөс урд зүгт 90 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 90 км замыг туулан 02:30 цагт очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 30 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:50 цагт очиход иргэн Ч-гийн 5×8 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, тавилгын хамт шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 34 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 04:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтан нар 34 км замыг туулан 05:42 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд иргэн М-ийн жолоодож явсан “Профиа” загварын том оврын ачааны автомашины чиргүүлийн ачаа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:32 цагт очиход иргэн Б-гийн 5×7 метрийн хэмжээтэй байшин, “Пробокс” загварын суудлын автомашин шатаж байсныг 1 цаг 23 минут ажиллаж унтраасан.     

 3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтХөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд / аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т, Ө-51°19’12’’, У-100°24’36’’/ 02.25-ны өдрийн 10:32 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 10:50 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Химийн бодисын осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр химийн бодис асгарсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны алба хаагчид, Төмөр замын ачаа тээврийн ажилчид, Байгаль орчны газрын байцаагч нар 16:29 цагт очиход “Калийн хлорид” асгарсан байсан. Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар хүлээлгэн өгсөн. Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, 3 цаг ажилласан. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байна.

Зам, тээврийн осолХовд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 25 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль, орчин аялал, жуулчлалын газар, эмнэлгийн байгууллага, “АЗЗА” ХХК-ийн ажилчид, ар гэрийнхний хамт 25 км замыг туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч  Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан. Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унасан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 18:12 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбарын ажилчид 19:03 цагт очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унасан байсан. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top